“СУРАГЧДЫН ЛИГ-2019” САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Сүхбаатар сумын Засаг даргын санаачилгаар Ерөнхий боловсролын Спорт сургуультай хамтран “СУРАГЧДЫН ЛИГ-2019” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Ерөнхий боловсролын Спорт сургуулийн захирал О.Наранбаатар болон сургуулиудын биеийн тамирын багш нар, сурагчид оролцлоо. Сурагчдын бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тус спортоор дамжуулан тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт сургах, бага наснаас зөв системтэйгээр өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, сурагчдын ур чадварыг сайжруулах шинэ залуу баг тамирчин бэлтгэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар сумын 7 сургуулийн эрэгтэй 7 баг, эмэгтэй 5 баг нийт 12 багийн 120 гаруй тамирчид өрсөлдөж байна. Нээлтийн үеэр Ерөнхий боловсролын 1-р сургуулийн биеийн тамирын багш А.Оргилбулаг, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбаатар, Ерөнхий боловсролын Спорт сургуулийн сагсан бөмбөгийн багш Б.Даваадорж нарт сумын Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, U-17 улсын аварга шалгаруулах тэмцээний МӨНГӨН медальт, Монголын хүүхдийн 6-р их наадмын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийн ХҮРЭЛ медальт Ерөнхий боловсролын Спорт сургуулийн 9-р ангийн сурагч Уужимзаяад дурсгалын медаль гардууллаа. Мөн саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан U-14 улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс МӨНГӨН медаль хүртсэн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баг тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. “СУРАГЧДЫН ЛИГ-2019” тэмцээний цомын эзэд 12-р сард тодорно.
Tweet