Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд Европын холбооны дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, “Хөөрхөн зүрх” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийн хүрээнд олон улсын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг даргын орлогч И.Чулуунболд, Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын дарга П.Оюун болон хамтарсан багийн төлөөлөл оролцлоо. Уулзалтыг нээж Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн Г.Амарбаясгалан Сүхбаатар суманд энэхүү төсөл хэрэгжиж байгаад талархалтай хандаж байгаа бөгөөд төслийн хүрээнд бий болсон сайн үр дүн, төр ба иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар илэрхийлсэн бол сумын Засаг даргын орлогч И.Чулуунболд Сүхбаатар сумын ерөнхий танилцуулга мэдээллийг хийлээ. Мөн энэхүү уулзалтын бүрэлдэхүүнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз,
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ( GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцсон юм.
Тус уулзалтаар одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрөөс гадна байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, оюутан солилцооны талаар цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сумын удирдлагууд илэрхийлж харилцан санал солилцлоо. Time’s up төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж зочдод танилцуулан ажиллалаа.