Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.
Иймд овог зөв хэрэглэх нарийн учрыг ойлгож мэдээгүй бол үүнийг засаж залруулж ургийн бичиг, удмын түүхээ бичих шаардлага гарч байна. Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг угтаж “УДАМ СУДРАА МЭДЭЖ, УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ”-аяны удирдамжийг танилцуулж байна. Та бүхэн http://urgiinbichig.mn/ сайтаас мэдээлэл авч доорх уралдаанд оролцон гэр бүлийн үнэтэй агшинг зургийн хальсанд мөнхлөн үлдээх боломжийн эзэн болоорой.
Монголчууд “Удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бич лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд нөгөө талаас хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалаа түгээн дэлгэрүүлж нутгийн зон олон та бүхнийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Tweet